НЭЭЛТИЙН БАРИЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг Намрын нээлтийн барилдааныг манай компани Монголын үндэсний бөхийн холбоотой хамтран 4 дэх жилдээ амжилттай зохион байгууллаа.

Энэ жилийн хувьд Монголын суут эрхэм, эзэн богд Чингис хааны ач, Их Монгол улсын 5 дахь их хаан Хубилай Сэцэн хааны мэндэлсний 810 жилийн ойтой давхцан Нутгийн Буян Группийн ХУБИЛАЙ зочид буудал нээлтээ хийсэн, мөн Монгол улсад орчин цагийн барилгын салбар үүсэж хөгжсөний 99 жилийн ой давхцан тохиож буй нь түүхэн чухал ач холбогдолтой байлаа.

Тус барилдаанд улс аймгийн цолтой 128 хүчтэй зодоглосноос Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, “Нутгийн буян групп”, Барилга инженерийн удирдах газар, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх, улсын арслан Цэдэнсодномын Бямба-Отгон түрүүлж, Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Нэг Монгол” ХХК, “Хос Хаш Оюу” ХХК, “Гал Хонгор” ХХК, MCS групп, “Тэргүүн Богд” дэвжээний бөх, шинэ, залуу арслан Энхтүвшиний Батмагнай үзүүрлэлээ.

Шөвгийн дөрөвт Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, “Алдар” спорт хороо, ЗХ-ий 337-р анги, АПУ ХК, Чиглэл ХХК, Их Монголын хүчтэн дэвжээний бөх, улсын харцага Б.Цэдэнсодном, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, “Алдар” спорт хороо, ЗХ-014 анги, Юү Эл И ХХК, Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэр, Эбэг ХХК, “Хан Хэнтийн Аварга” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Д.Алтанцоож нар шалгарлаа.

Наймд улсын үнэн зоригт харцага Б.Зоригтбаатар, улсын харцага Э.Даш, улсын өсөх идэр начин Л.Энхсаруул, улсын начин Д.Амарсайхан нар үлдэв.

Энэ барилдааны түрүү бөх 20 сая, үзүүр бөх 13 сая төгрөгийн бай шагнал гардсан бол үзэгчдийн дундаас 1 азтан 3 сая төгрөг, 2 үзэгч тус бүр 2 сая төгрөгийн АЗТАН тодорсон юм.